Танилцуулга
Монголын мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэг

Монголын Мэдээгүйжүүлэгч Эмч нарын Нийгэмлэг (ММЭнН) 1999 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн жишигт нийцсэн, аюулгүй, нотолгоонд суурилсан мэдээгүйжүүлгийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх үндсэн зорилготой бөгөөд 200 гаруй мэдээгүйжүүлгийн эмчийг гишүүнчлэлдээ нэгтгэсэн,өөрсдийн гишүүдийн эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн удирдлагаар хангах, тэдний мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлэхээр хичээн ажиллаж буй ашгийн бус, төрийн бус байгууллага юм.
Нийгэмлэгийн тэргүүнээр С.Нэргүй, Л.Ганболд, Л.Өнөрзаяа, Б.Одгэрэл нар ажиллаж байсан ба 2020-2024 онд Н.Хүрэл-Очир ажиллахаар сонгогдоод байна. Тус нийгэмлэг 1999 онд Дэлхийн Мэдээгүйжүүлэгч Эмч нарын Нийгэмлэгүүдийн холбооны (ДМЭНХ) гишүүн болсон бөгөөд тус байгууллагын дэмжлэгтэйгээр нийгэмлэгийн гишүүдээс 30 гаруй эмч Тайланд, Энэтхэг улсуудад ерөнхий мэдээгүйжүүлэг, эх барихын мэдээгүйжүүлэг, цээжний мэс заслын мэдээгүйжүүлэг, хүүхдийн мэдээгүйжүүлгийн сургалтуудад суралцаж, магистрын зэрэг хамгаалсан ба олон улсын хуралд 5 эмч тэтгэлэгээр оролцоод байна. Нийт гишүүдийн 70 орчим хувь нь мэргэжлийн зэрэгтэй, 15 орчим хувь нь эрдмийн цол зэрэгтэй.
Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн мэргэшил нь амь тэнссэн анагаахын үндсэн гол салбар бөгөөд хоорондоо салшгүй холбоотой, байнга уншиж, судалж, мэргэжил мэдлэгээ дээшлүүлж байхыг шаарддаг, эдгээр мэргэжлээр тусламж үзүүлж буй эмнэлгийн мэргэжилтний мэдлэг ур чадвараас эрдэнэт хүний амь нас аврагдаад зогсохгүй, амьдралын чанар шалтгаалдаг. 2015 он хүртэл мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэг гишүүд, эмч нарынхаа мэдлэг мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, тэдний төгсөлтийн дараах тасралтгүй сургалтын үйл ажиллагааг ханган ажиллаж ирсэн бөгөөд хүн амын төвлөрөл, тусламж үйлчилгээний цар хүрээ нэмэгдэхтэй зэрэгцэн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасаг нэгжүүд эмнэлгүүдэд шинээр байгуулагдаж эхэлсэн ба үүнтэй уялдан 2015 оноос яаралтай тусламж, 2017 оноос эрчимт эмчилгээ (DR72005), мэдээгүйжүүлгийн (DR72004) мэргэжлийн индексүүд салж, шинээр нийгэмлэг холбоод байгуулагдаж эхэлсэн.
ММЭнН үүссэн цагаасаа гадаадын эмч нартай хамтран олон төсөл, сургалт хийж хэрэгжүүлж байсныг дурдвал: Солонгосын Чунгнам их сургуулийн профессорЧунг Ун Ли-тэй хамтран Улаанбаатар хот, Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл, Өмнөговь аймгуудад “Өвдөлт намдаалт-Орчин үед” нэртэй бүсийн сургалтууд, Щвейцарийн мэс заслын багийн мэдээгүйжүүлэгч эмч нартай хамтран мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний мэргэшлийн 3-6 сарын сургалтуудад эмч нар хамрагдах, Австралийн мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэгтэй хамтран 2008 оноос үе шаттайгаар төсөл хэрэгжүүлсэн бөгөөд Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний мэргэшлээр суралцаж буй резидент эмч нарын сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор Модульд суурилсан 18 сарын сургалтын хөтөлбөрийг боловсруулан нийгэмлэгийн сургагч багш нарын тусламж, дэмжлэгтэйгээр сургалтын гарын авлага, сурах бичиг, танхим, сургалтын бааз бүхий сургалт явуулдаг болоод байна.