Монголын Мэдээгүйжүүлэгч Эмч нарын Нийгэмлэг

Монголын Мэдээгүйжүүлэгч Эмч нарын Нийгэмлэг (ММЭнН) 1999 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн жишигт нийцсэн, аюулгүй, нотолгоонд суурилсан мэдээгүйжүүлгийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх үндсэн зорилготой бөгөөд 200 гаруй мэдээгүйжүүлгийн эмчийг гишүүнчлэлдээ нэгтгэсэн,өөрсдийн гишүүдийн эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн удирдлагаар хангах, тэдний мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлэхээр хичээн ажиллаж буй ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

Нийгэмлэгийн тэргүүнээр С.Нэргүй, Л.Ганболд, Л.Өнөрзаяа, Б.Одгэрэл нар ажиллаж байсан ба 2020-2024 онд Н.Хүрэл-Очир ажиллахаар сонгогдоод байна. Тус нийгэмлэг 1999 онд Дэлхийн Мэдээгүйжүүлэгч Эмч нарын Нийгэмлэгүүдийн холбооны (ДМЭНХ) гишүүн болсон бөгөөд тус байгууллагын дэмжлэгтэйгээр нийгэмлэгийн гишүүдээс 30 гаруй эмч Тайланд, Энэтхэг улсуудад ерөнхий мэдээгүйжүүлэг, эх барихын мэдээгүйжүүлэг, цээжний мэс заслын мэдээгүйжүүлэг, хүүхдийн мэдээгүйжүүлгийн сургалтуудад суралцаж, магистрын зэрэг хамгаалсан ба олон улсын хуралд 5 эмч тэтгэлэгээр оролцоод байна. Нийт гишүүдийн 70 орчим хувь нь мэргэжлийн зэрэгтэй, 15 орчим хувь нь эрдмийн цол зэрэгтэй.

Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн мэргэшил нь амь тэнссэн анагаахын үндсэн гол салбар бөгөөд хоорондоо салшгүй холбоотой, байнга уншиж, судалж, мэргэжил мэдлэгээ дээшлүүлж байхыг шаарддаг, эдгээр мэргэжлээр тусламж үзүүлж буй эмнэлгийн мэргэжилтний мэдлэг ур чадвараас эрдэнэт хүний амь нас аврагдаад зогсохгүй, амьдралын чанар шалтгаалдаг. 2015 он хүртэл мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэг гишүүд, эмч нарынхаа мэдлэг мэргэжил ур чадварыг дээшлүүлэх, тэдний төгсөлтийн дараах тасралтгүй сургалтын үйл ажиллагааг ханган ажиллаж ирсэн бөгөөд хүн амын төвлөрөл, тусламж үйлчилгээний цар хүрээ нэмэгдэхтэй зэрэгцэн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасаг нэгжүүд эмнэлгүүдэд шинээр байгуулагдаж эхэлсэн ба үүнтэй уялдан 2015 оноос яаралтай тусламж, 2017 оноос эрчимт эмчилгээ (DR72005), мэдээгүйжүүлгийн (DR72004) мэргэжлийн индексүүд салж, шинээр нийгэмлэг холбоод байгуулагдаж эхэлсэн.

ММЭнН үүссэн цагаасаа гадаадын эмч нартай хамтран олон төсөл, сургалт хийж хэрэгжүүлж байсныг дурдвал: Солонгосын Чунгнам их сургуулийн профессорЧунг Ун Ли-тэй хамтран Улаанбаатар хот, Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл, Өмнөговь аймгуудад “Өвдөлт намдаалт-Орчин үед” нэртэй бүсийн сургалтууд, Щвейцарийн мэс заслын багийн мэдээгүйжүүлэгч эмч нартай хамтран мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний мэргэшлийн 3-6 сарын сургалтуудад эмч нар хамрагдах, Австралийн мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэгтэй хамтран 2008 оноос үе шаттайгаар төсөл хэрэгжүүлсэн бөгөөд Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний мэргэшлээр суралцаж буй резидент эмч нарын сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор Модульд суурилсан 18 сарын сургалтын хөтөлбөрийг боловсруулан нийгэмлэгийн сургагч багш нарын тусламж, дэмжлэгтэйгээр сургалтын гарын авлага, сурах бичиг, танхим, сургалтын бааз бүхий сургалт явуулдаг болоод байна.

img16img20img21img22img23img24img25 

img29img30img35img39img40img41img45img46

Бид сургалтын үйл ажиллагааг өргөжүүлэн 2013 оноос “Сумын эмнэлгийн яаралтай тусламж” сургалтыг хөдөө орон нутгуудад зохион байгуулж 2013, 2014, 2016, 2017, 2018, 2019 ондуудад анхан шатны яаралтай тусламж буюу газар дээр үзүүлэх яаралтай тусламж болон эмнэлэг хүртэлх тусламжийн талаар лекц, видео хичээл, ярилцлага болон багаар ажиллах зэрэг олон төрлийн хэлбэрийг ашигласан сургалтыг хийсэн бөгөөд уг сургалтыг Хэнтий, Архангай, Завхан, Говь-Алтай, Дундговь, Дорноновь, Увс, Өмнөговь аймгийн Ханбогд сум ба Баянхонгор, Хөвсгөл аймгуудад очиж хийсэн билээ. Энэ сургалтаар зөвхөн мэдээгүйжүүлэгч эмч нарыг сургаад зогсохгүй тэднийг бусад мэргэжлийн эмч, сувилагч нарт заах багшлах дадлагыг эзэмшүүлэх сургалтанд хамруулсан юм. Дээрх сургалтын үр дүнд мэдээгүйжүүлэгч эмч нарын мэдлэг, багаар ажиллах чадварт ахиц гарч, уг мэргэжлийн тусламжийг улам чанаржуулах ач холбогдолтой юм. Суманд ажиллаж байгаа эмч нарын мэргэжил мэдлэгийг сайжруулах зорилгоор уг сургалтыг бүх аймгуудын бүх сумын эмч нарт хүргэх зорилт тавьж байна.

img52img53img54 

Түүнчлэн Австралийн мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэгийн гишүүд , эх барихын эмч, арьсны нөхөн сэргээх мэс заслын эмч нартай хамтран жил бүр танхимын сургалт хийхээс гадна хөдөө орон нутагт эх барих, түлэнхийн тусламжийг сайжруулах чиглэлээр ажлын байрны сургалтуудыг зохион байгуулдаг болоод байна.

img60img59img61img62

Бид ЭМЯ, ЭМХТ-ийн удирдлага, арга зүйн зөвлөмжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, Мэргэжлийн зэргийн шалгалтыг зохион байгуулсаар ирсэн.

Цаашид манай нийгэмлэгийн үндсэн зорилго бол үндэсний хэмжээнд мөрдөж ажиллах нэгдсэн заавар зөвлөмжийг боловсруулах, гишүүдийнхээ эрх ашигийг хамгаалах, аюулгүй мэдээгүйжүүлгийг аль ч түвшинд жигд хүртээмжтэй явуулах боломж, нөхцөлийг сайжруулах, мэдлэг мэргэжлийг байнга, тасралтгүй дээшлүүлэх явдал юм.

Зохион байгуулж байсан сургалтуудын нэрсийг хүснэгтээр харуулав.

No Он Сургалтын нэр
1 2007 Орчны мэдээгүйжүүлэг
2 2008 Өвдөлт намдаалт
3 2009 Амьсгалын замын аюулгүй байдал, Эсэн мэнд, өвдөлтгүй амаржихуй
4 2010 Яаралтай тусламж, Гэмтлийн анхны тусламж
5 2011 Хүүхдийн яаралтай тусламж,
6 2012 Мэдээгүйжүүлэгт тулгамддаг хүндрэлүүд
7 2013 Яаралтай тусламж, орчны мэдээгүйжүүлэг
8 2014 Хүүхдийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ
9 2015 Хавсарсан эмгэгтэй өвчтөнд мэдээгүйжүүлэг өгөх
10 2016 Өвдөлтийн эмчилгээний үндэс Хэт авиан хяналттай орчны хориг хийх
11 2017 Үжлээс аврах аян-2016, Мэдээгүйжүүлгийн чиглэлээр судалгаа хийх
12 2018 Аюулгүй эх барих, Мэдээгүйжүүлгийн аюулгүй байдлыг сайжруулах нь, Хүүхдийн мэдээгүйжүүлэг, тайвшруулалт, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж
13 2019 Гэмтлийн мэс заслын үеийн мэдээгүйжүүлгийн тусламжийг сайжруулах нь,Удирдлагын менежмент
14 2022 Хагалгаа тойрны анагаах ухаан Хагалгаа тойрны хүндрэлүүд
15 2023 Хагалгаа тойрны анагаах ухаан Хавсарсан өвчтэй үйлчлүүлэгчдийн мэдээгүйжүүлэг No1 - Австралийн мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэгтэй хамтран
16 Хагалгаа тойрны анагаах ухаан Хавсарсан өвчтэй үйлчлүүлэгчдийн мэдээгүйжүүлэг No2 - Тайландын вант улсын BARTV бүсийн сургалтын төвийн эмч, багш нартай хамтран
17 БНЭУ-ийн эмч нартай хамтран Хэт авиан хяналтын дор захын мэдрэлийн хоригийг хийх нь сургалт

ММЭнН-ийн гишүүдийн гаргасан ном товхимолууд:

  1. Мэдээгүйжүүлэг,эрчимт эмчилгээний модульд суурилсан сургалт - 2009 он
  2. Гэмтлийн яаралтай тусламж 2008 он
  3. Хөгжиж буй мэдээгүйжүүлэг - 2009 он
  4. Хүүхдийн орчны мэдээгүйжүүлэг 2010 он
  5. Эрчимт эмчилгээний үндэс 2010
  6. Мэдээгүйжүүлгийн үед тулгамддаг байдлууд - 2011 он
  7. Мэдээгүйжүүлгийн суурь ойлголтууд, орчуулга 2012 он : Up Datein Anesthesia 24 (2) 2008
  8. Мэдээгүйжүүлэг, эрчимтэмчилгээний сургалтын тайлбарт тест 2012 он
  9. Эрчимт эмчилгээ, орчуулга 2014 он: Up Date in Anesthesia 28, Intensive Care Medicine, Special Edition,2012
  10. Эх барихын эмгэгийн шалтгаант судсанд цус түгмэл бүлэгнэх хам шинж
  11. Зүрхний эмгэгтэй жирэмсний мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ 2014 он
  12. Эрчимт эмчилгээний үндэс, Шинэчлэн сайжруулсан хоёр дахь хэвлэл 2016
  13. Хүүхдийн яаралтай тусламжийн гарын авлага 2015 он
  14. Нэн яаралтай тусламж 2015 он
  15. Эх барихын ноцтой хүндрэлийн эрчимт эмчилгээ 2018 он
  16. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сургалтын тайлбарт тест, Шинэчлэн сайжруулсан хоёр дахь хэвлэл 2016 он
  17. Механик амьсгалын үндэс 2019 он
  18. Аппарат-өвчтөний зөрчилдөөн ба механик амьсгалын зураглалууд 2020 он
  19. Мэдээгүйжүүлгийн үед тулгамддаг осолтой тохиолдлууд, тусламж үзүүлэх дэслэл

Танилцуулга бэлдсэн ММЭнН-ийн нарийн бичиг: М.Ундрам


Хуваалцах :